2017 онд  Олон улс судлалын дээд сургуулийн эрхлэн хэвлүүлсэн  энэ номны тухай мэргэжлийн философич, Философийн ухааны  доктор/Ph.D/, профессор, Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш Д.Ганболдын бичсэн  судлагааны рецензийг толилуулья.

 

ДОКТОР(Sc.D) Д. ДАШПҮРЭВИЙН “МОНГОЛ НИЙГЭМ

(ФИЛОСОФИЙН АНАЛИЗ)” БҮТЭЭЛИЙН ТУХАЙ

ФИЛОСОФИ ЭРГЭЦҮҮЛЭЛ

Д. Ганболд. Доктор(Ph.D), ШУТИС,

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

            Манай нэртэй философчдын нэг философийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д. Дашпүрэв “Монгол нийгэм (философийн анализ)(УБ.2017. 19.125 х.х) бүтээлээ туурвиж хэвлүүлжээ. Энэхүү бүтээл нь профессорын өмнө явуулж байсан судалгааны ажлууд, мөн 2013 онд туурвисан “Монголын философийн товч түүх” хэмээх багахан бүтээлийн үргэлжлэл хэмээн би бээр ойлгож байна. Учир нь уг бүтээлийг туурвигч олон чухал асуудлыг хөндсөн бүтээлүүдийг бичиж хэвлүүлснээс нийгмийн философи, философийн түүх, түүхийн философийн бүтээлүүд нь мэргэжил нэгт бидний хувьд 1990-ээд оны эхэн, 2000-аад оны эхэн үеийн монголын нийгмийн өмнө тулгамдсан асуудлуудын талаар баримжаа болж байсан төдийгүй ширээний гарын авлага болсон гэдэгтэй маргах судлаач үгүй.

            “Монгол нийгэм (философийн анализ)” бүтээл бүтцийн хувьд анхдугаар хэвлэлд зориулагдсан титэм үг, өмнөх үг, үндсэн 9 бүлэг (энэ бүлэг нь “Хураангуй дүгнэлт” гэсэн нэртэй), англи хэлээр бичсэн резюме, ишлэл зүүлтүүд, ном зүйн хэсгээс бүрэлдсэн нийт 310 нүүр бүхий 19.125 хэвлэлийн хуудасны хэмжээтэй. Бүтээлийн бүлэг тус бүр дэд хэсэг, энэ нь дотроо зүйлүүдэд хуваагдсан.

            “Монгол нийгэм (философийн анализ)” бүтээл нь монгол оршихуй, монгол хүн ба монголчууд, монгол нийгмийн бүтэц, байгуулалт, монгол төр, монголчуудын эд баялаг, өмч хөрөнгө, капитализм, монгол соёл, монгол иргэншил, монгол ухаан (монголын философи, шашин, бөөгийн ёс гэх мэт)

            Зохиогч энэхүү бүтээлээ өмнө нь монголын философийн түүх, монголын түүхийн философийн асуудлаар явуулж байсан судалгааны бүтээлүүд дээрээ тулгуурлан монголын нийгмийн философийн бүхий л тулгуур асуудлуудыг багтаасан том хэмжээний бүтээл болгон туурвижээ.

Монголын философийн сэтгэлгээн дэх

нийгмийн философийн судалгаа

Эдүгээгийн монголын философи сэтгэлгээнд сүүлийн 20-иод жилд монгол нийгмийг нийгмийн философийн талаас нь хийсэн судалгаа цөөн. Өнөө үед нийгмийн философийн судалгаа үгүйлэгдэж байна.

Энэхүү эргэцүүлэлийг бичигч миний бие 2013 онд хамгаалсан “ХХ зууны эцэс, ХХI зууны эхэн үеийн нийгмийн гуманитар хөгжил ба деформацийн асуудал. (Нийгэм философийн анализ)” диссертацидаа эдүгээгийн монголын нийгмийн хэрхэн деформацид орж байгааг бүхэлд нь харуулах гэж хичээн чармайж оролдсон гэдгээ хэлэх нь зүйтэй байх хэмээн бодож байна.

Харин “Монгол нийгэм” бүтээлийг туурвигчийн нийгмийн судалгааны гараа түүний 1995 оны “Этапы модернизации современного монгольского общества: Социално-философский анализ. Философийн шинжлэх ухааны докторын диссертаци. М., 1995” бүтээлээс эхлэлтэй болохыг дээрх хүснэгтээс харж болно. Энэхүү бүтээл нь монголын нийгмийн модернизацийн үе шатны асуудалд голлон анхаарсан байхад 2017 онд туурвисан “Монгол нийгэм (философийн анализ)” аль хэдийн монголын философийн түүх, монголын түүхийн философий дээр суурилсан нийгмийн философийн шинэлэг, иж бүрэн, том хэмжээний бүтээл болж чаджээ хэмээн үзэж байна.