Монголын философийн товч түүх  номыг Олон улс судлалын дээд сургуулиас эрхлэн 2013 онд  Улаанбаатар  хотод монгол хэл дээр хэвлүүлсэн  бөгөөд уг ном 2015 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын хэвлэлийн хорооноос эрхлэн гаргасан Гадаадын монголч эрдэмтэдийн бүтээлийн чуулган цувралын 14 дүгээр боть болж худам/босоо/ монгол бичгээр хэвлэгдсэн байна.

Зохиогчийн  энэ бүтээлийг 2016 онд япон хэл ээр  орчуулан Токио хотноо  хэвлэжээ.  Мөн уг номыг орос хэлээр орчуулан АНУ-д 2018 онд дахин хэвлэсэн байна.

Энэ номын тухай профессор А.Жамбал судлагааны  дэлгэрэнгүй  рецензи бичсэнийг толилуулав. Мөн философийн ухааны доктор/Ph.D/ Б.Буяндэлгэр, философийн ухааны доктор/Ph.D/ О.Золзаяа нар мэргэжлийн рецензүүд бичиж хэвлүүлсэн байна.

 

МОНГОЛЫН ФИЛОСОФИЙН ТҮҮХИЙГ

ШИНЖИЛСЭН ШИНЭ БҮТЭЭЛ

 

                Монголчуудын түүх, соёл хэдэн мянган жилээр тоологдох билээ. Түүний цөмийг бүрдүүлдэг үнэт чухал хэсэг нь философи, нийгэм-улс төр, ёс зүй, хууль цаазын сэтгэлгээ, түүний бодит илэрхийлэл болсон арвин баялаг агуулгатай үзэл санаа, сургаал болно. Тэдгээр нь угтаа эртнээс эдүгээ хүртлэх урт түүхийн явцад монголчуудын дотроос төрж гарсан оюун билигт ухаантан, сэтгэгч мэргэдээс байгаль, нийгэм, төр, түүх, хүмүүний амьдрал ахуйг ухааран ойлгож мэдэх гэсний үр дүн бөгөөд бодит хэлбэрээрээ эртний үеийн хөшөө дурсгал, эд өлгийн зүйлд ямар нэг байдлаар тусгалаа олж, улмаар үлгэр домог, түүхийн сурвалж бичиг, намтарын зохиол, товчис, тууж, хууль цаазын бичиг, буддын шашин, гүн ухааны шастир, хожмын үеийн ном зохиолд тэмдэглэгдэн үлдэж өнөөд хүрчээ. Энэ бол философи, нийгэм-улс төрийн сэтгэлгээний түүх хэмээх бие даасан том салбар ухааны тусгайлан авч үзэж шинжилдэг нэн сонирхолтой бөгөөд нарийн нийлмэл, танин мэдэхэд амаргүй судлагдахуун болно. Үүнийг манай философич, философийн түүхч эрдэмтэд зүй ёсоор мэдрэн ухаарч шинэлэг байдлаар судалгаа хийж бодит үр дүн гаргаж эхэлсний анхаарал татсан нэгэн баримт  бол философийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Д. Дашпүрэвийн туурвиж нийтлүүлсэн Монголын философийн товч түүх гэсэн шинэ бүтээл юм гэж баттай хэлж болохоор байна.