МОНГОЛЫН НИЙГМИЙН МОДЕРНИЗАЦИ

/Шинэ бүтээлийн  тухай/

 

                Академич Г.Чулуунбаатар

Нэг. Номын бүтэц агуулгын тухай товчхон

Доктор Дашпүрэвийн  “Монголын нийгмийн шинэчлэлийн /Модернизаци/ үе шат” хэмээх шинэ бүтээл нь монголын нийгмийг  орчин үеийн болгон хөгжүүлэх  чиглэлүүд олон зуун жилийн туршид өрнөж ирсэн  шинэчлэлийн үйл явцыг  цогцолбороор нь шинжлэн судлаж түүний үе шатыг тодорхойлоход чиглэгджээ. Судалгаа  нийгэм философийн аспектээр хийгдсэн аж.

Сэдвийн  хамарч буй цаг хугацааны хувьд 2300 жилийн  түүхэн үйл явцыг хамарчээ. Орон  зайн хувьд дэлхийн геополитикийн сүлжээний фонон дээр  монголын эрт эдүгээгийн газар нутаг, хүн зон,  нийгэм- иргэншлийн тогтолцооны хүрээнд хамаарах асуудлыг багтааж байгаа болно.

Бүтцийн  хувьд уг бүтээл өмнөх үг, оршил төгсгөл, дөрвөн бүлэг, 14 зүйл, ном зүйн хэсгээс бүрдэж байна. Өмнөх  үгийг Оросын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн түүхийн  философийн лабораторийн орлогч эрхлэгч, философийн  ухааны доктор Ю.В. Олейнков бичиж уг бүтээлийг өндөр үнэлсэн байна.

Оршил хэсэгт уг сэдвийн агуулга, ач холбогдол, судлагдсан байдал зэргийг товч тайлбарласан байна.

Зохиолын “Монголын уламжлалт нийгмийн ахуйн онцлог” гэсэн нэгдүгээр бүлэгт нүүдлийн  мал  аж ахуй монголын нийгмийн  үйлдвэрлэлийн үндэс болох тухай асуудлыг түүхийн философийн үүднээс нягтлан судалж монголын  уламжлалт нийгэм ба нүүдлийн соёл иргэншлийн нэгдлийг тодорхойлжээ.

“Монголын нийгмийн хувьсгалч шинэчлэл” хоёрдугаар  бүлэгт 1911, 1921 оны хувьсгалын  угтвар нөхцөл, үйл явцын өрнөл, ялалт хувьсгалын үр дагавар зэрэг асуудлаар судлаачийн бие даасан байр суурь бодлыг  дэлгэрэнгүй томъёолж байна.

“Монголын нийгмийн шинэчлэлийн социалист шат” гуравдугаар бүлэг нь  олон улсын харилцаа, геополитикийн цаг үеийн нөхцөл байдлын дэвсгэр дээр  монгол улсад “социалист туршилт”-ыг хэрэгжүүлэх явцад өрнөсөн  нийгмийн шинэчлэлийн  эерэг сөрөг үр дагавар тэр үед явуулж байсан бодлого, үйл ажиллагааны  алдаа,  оноо нийгэм-философи, улс төрийн үүднээс судлан дүгнэхэд зориулагджээ.

“Монгол улс олон ургальч бодлого, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилт” дөрөвдүгээр бүлэгт 1980-аад оны эцсээр өрнөсөн ардчилсан хувьсгалын өрнөлт анхны  ардчилсан  сонгууль, улс төрийн тогтолцоо, өмч хувьчлал, оюуны амьдралын  өөрчлөлт үэрэг асуудлыг хамарсан шинэчлэлийн сүүлийн таван жилийн туршлага сургамж, ардчилсан шинэлчлэийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилт тавьжээ.

Номын төгсгөлд уг бүтээлийн агуулгыг хураангуйлсан товч дүгнэлтийг оруулжээ.

Хоёр. Нийгмийн хөгжлийн  үечлэл ба зохиогчийн байр суурийн тухай

Эдүгээ  монголын нийгэм түүхэн шинэчлэлийнхээ үйл явцын нэн ээдрээтэй бөгөөд басхүү сонирхолтой нэгэн  зурвас үеийг  туулж байна.  Нийгмийн  аливаа шинэчлэл бол өнгөрсний дэвшилтэт уламжлалыг залган өвлөх өнөөгийн бодит амьдралыг дархлан  бүтээх, шинэ ирээдүйн үндэс суурийг угтан тавих гинжин хэлхээг  илэрхийлдэг ажээ. Ийм агуулгаар илэрхийлэгдэх  нийгмийн  шинэлэлийн үйл явц, орон зай, цаг хугацааны тодорхой хэмжүүрийн хүрээнд өөр хоорондоо чанарын ялгаатай  боловч шалтгаан үрийн логик шүтэлцээ бүхий үе шатыг дамжин хэрэгждэг байна.

Монголын уламжлалт нийгмийн  орчин үеийн нийгэм болон шинэчлэгдэх үйл явц нь түүхэн өвөрмөц замыг туулан хэрэгжихдээ хэд хэдэн тодорхой үе шатыг дамжсан юм. Гадаад дотоодын  олон эрдэмтэн мэргэд, тухайн асуудлыг тал бүрээс нь судлан шинжилж, өөр өөрийн өвөрмөц үзэл баримтлал, үндэслэл нотолгоог дэвшүүлсээр иржээ. Доктор Д.Дашпүрэв монголын шинэчлэлийн асуудлаар хийсэн цогцолбор судалгааныхаа дүнд тулгуурлан 1995 онд орос хэл дээр бичиж  нийтлүүлсэн шинэ ном бол энэ чиглэлээр  сүүлийн үед хийгдсэн тооохон суурь бүтээлийн нэг юм.

Зохиогч энэ бүтээлдээ улс төр үзэл суртлын ямар байр  суурь хандлагаас чөлөөтэй, зөвхөн шинжлэх ухааны зарчим, ёс зүйг тууштай баримталж туурвисан байна.  Уг бүтээл чухам  ийм шинж чанараараа урьд өмнө монголын нийгмийн үе шатны асуудлаар гарч байсан судалгааны ном бүтээлүүд ялангуяа “социализм”-ын үед бичигдсэн зохиолуудаас зарчмын ялгаатай юм. Зохиогч нь үечлэлийн асуудлаар үнэтэй санаа дүгнэлт дэвшүүлж шинжилгээ судалгааны эргэлтэд оруулсан эрдэмтэдийн үндэслэл дүгнэлтүүдэд бүтээлчээр хандаж өөрийн байр сууриа тодорхой илэрхийлэхийн зэрэгцээ захиргаа-хүнд суртлын тогтолцооны үед нийгмийн оюуны  амьдралд ноёрхож байсан түүхэн бодит байдлын зайлшгүй шаардлагад арга буюу автаж байсан хүмүүсийг ойлгож тэдэнд  эрдэмтний хувьд хүндэтгэлтэй хандсан нь сайшаалтай.

Зохиогч уг бүтээлийн оршлоос эхлээд нийгмийн шинэчлэлийн үе шатны асуудлыг нэлээд бие даасан өвөрмөц өнгө аястайгаар сэдэж тавьжээ. Уг  бүтээлийг хянан  тохиолдуулсан оросын эрдэмтэн доктор Ю.В.Олейниковын энэ номонд  бичсэн  өмнөх үгэнд онцлон  тэмдэглэсэнээр доктор Д.Дашпүрэвийн судалгаа нь “…ямар нэг шинэ  сэдэв нээхийг зорьж байгаа  биш …” боловч асуудлыг авч үзсэн зарим хандлагынхаа  хувьд бусдаас ялгаатай юм.  /Уг бүтээлийн 5, 6 дахь тал/ Тухайлбал  зохиогч номынхоо эхэнд монголын ард түмний хувь заяаны асуудал ХХ зууны босгон дээр “орших”, “эс орших” тухай яригдаж байсан бол ХХ зууны эцэст дэлхийн соёл иргэншлийн хөгжилд “ямар байх” тухай агуулгатайгаар тавигдаж буйг онцлон  тэмдэглэжээ. /9-10 дахь талд/. Энэ  асуудалд хариулах талаар хоёр янзын өрөөсгөл  байр суурь байгааг зохиогч шүүмжлэлтэйгээр дүгнэж үзсэн байна.  Тэрээр зүүн өмнөд Азийн бар болсон орнуудын туршлагаар Азийн зургаа дахь “бар” болох тухай байр суурийг  улс төрийн утопизм гэж нэрлээд түүнийг  монголын нийгэм,  соёлын болон түүхэн бодит  байдлын дутуу буюу буруу ойлгосны тусгал гэж үзжээ. Нөгөө  нэг өрөөсгөл хандлага бол барууны  орнуудын аж үйлдвэржүүлэлтийн  шинэчлэлийн /модернизаци/ туршлагыг шууд хуулбарласан либирал маягийн  хандлага юм. Энэ тухай зохиогч монгол орон Баруун европ, Хойд Америкийн  өнгөрсөн зуунд туулсан бүх үе шатыг заавал дамжих албагүй гээд өрнөдийн маягийн загвар нь социалист баримжаа бүхий шинэчлэл нүүдлийн соёл иргэншлийн онцлог үүсгэдэг болохыг онцлон тэмдэглэсэн байна. /10-12 дахь тал/ Зохиогч уг асуудлаар өөрийн байр суурийг тодорхой илэрхийлсэн  онол практикийн хувьд  нилээд бодитой  үндэслэл нотолгоонуудыг гаргасан байна. Түүний үзэж байгаагаар монголын нийгмийн  шинжлэлийн үе шат нь: а/ өөрийн орны түүхэн замналын туршлага. б/ уламжлалт нийгмийг орчин үеийн  нийгэм болгон хөгжүүлсэн дэлхий дахины туршлагад шүүмжлэлтэй  дүн шинжилгээ хийх үндсэн дээр  тодорхойлогдоно. Үүний тулд монголын уламжлалт нийгмийг орчин үеийн нийгэм болгон хөгжүүлсэн дэлхий дахины туршлагад шүүмжлэлтэй дүн шинжилгээ хийх үндсэн дээр тодорхийлогдоно.  Иймд монголын уламжлалт нийгмийн байдал төлөвийг  ХХ зууны  шинэчлэлийн /модернизаци/ объект ба  субъектийн хувьд нийгэм–философийн  үүднээс нягтлан  судлах ёстой ажээ. Тэрээр уг байр  суурь, үндсэн зарчмаа өндөр мэргэжилтэн туршлагатай судлаачын хувьд тууштай баримтлан ажиллажээ. Түүний энэ чадвар хийгээд бүтээлийн цогцолбор агуулга нь нийгмийн  хөгжлийн үе шатны талаар урьд өмнө бичсэн бүтээлүүдээс уг номыг ялган тодруулж монголын нийгмийн  шинэчлэлийг нийгэм–философийн үүднээс нягтлан, түүний үе шатны талаар тодорхой  дүгнэлт хийсэн анхны бие даасан бүтээл болохыг нь бүрнээ харуулахуйц болсон байна.