Д.Дашпүрэв. “Монгол дахь аюумшгийн ноёрхол ба улс төрийн хэлмэгдүүлэлт 1920-1990” нь анх 1992 онд Энэтхэг улс, Шинэ Дели хотод англи хэл дээр хэвлэгдэнээсээ хойш АНУ-д 3 удаа хэвлэгдэж уншигчдын хүртээл болсон ба 2013 онд япон хэлээр Токио хотод хэвлэгдсэн байна.  Хараахан монгол хэлээр хэвлэгдээгүй байна. 

Энэ номын талаар доктор /Ph.D/Ж.Жаргалын   ХХ зууны  монгол дахь улс төрийн дэглэмйн асуудлаархи монголын эрдэмтэдийн судалгааны бүтээлд тодорхой дурьдагджээ. Үүнд:

XX ЗУУНЫ МОНГОЛ ДАХЬ УЛС ТӨРИЙН ДЭГЛЭМИЙН АСУУДЛААРХ МОНГОЛЫН ЭРДЭМТДИЙН СУДАЛГАА

Ж.Жаргал, Доктор ( Ph.D)
/Хэсэгчлэн авав./

Монголын философич эрдэмтдээс профессор Д.Дашпүрэв 1990 оноос тоталитаризмын асуудалд анхаарал хандуулж, түүнийг XX зууны  Монголын улс төрийн түүх, эл явцад социалист маягаар, хувьсгалт арга хэрэгслээр хэрэгжсэн нийгмийн модернизацийн үйл явцтай нягт холбон судалж хэд хэдэн  бүтээл нийтлүүлжээ. Тэдгээрийн эхнийх нь Дж.Неругийн Улсын их сургуульд 1990-1995 оныыдад багшилж байхад нь түүний оюутан байсан, одоо Энэтхэгийн эрдэмтэн С.К.Сонитой хамтран бичиж 1992 онд Шинэ Дели хотноо нийтлүүлсэн “Reign of Terror in Mongolia 1920 -1990” гэсэн бүтээл юм. Эрдэмтэн эл бүтээлдээ 1920- 1990 оны хооронд Монгол улсад улс төрийн  дарангуй дэглэм тогтон оршсон гэж  үзээд түүнийг 1920 онд МАХН бий болж 1921 онд засгийн эрхийг авсан үеэс 1932он, Чойбалсан төрийн эрхийг барьсан үе буюу 1932 – 1952 оны үе, Ю.Цэдэнбал нам, төрийн эрхийг барьсан үе буюу 1952 – 1984 он гэсэн гурван үе шатад хуваан авч үзсэн байна. Бүтээлд улс төрийн дарангуй дэглэм нийгмийн амьдралын бүх хүрээ салбарт ноёрхлоо тогтоосныг түүхэн тодорхой үйл явдал, мэдээ баримтаар харуулсан, түүний дотор ялангуяа нийгмийн оюун санааны амьдралд үзэл суртлын хатуу хяналт, арга хэрэгслээр ноёрхож байсныг дэлгэрэнгүй авч үзжээ. 
Доктор Д.Дашпүрэв 1995 онд Москва хотноо нийтлүүлсэн “Этапы модернизации Монгольского общетсва (социально- философский анализ)” гэсэн бүтээлдээ (эл ном нь 2005 онд “Монголын нийгмийн өөрчлөлт шинчлэлтийн үе шатууд” нэрээр Улаанбаатар хотноо монгол хэлээр орчуулагдан хэвлэгджээ. Орчуулсан Ч.Баатар) Монгол Улс олон зуун жил оршиж ирсэн уламжлалт феодалын нийгмийг XX зууны эхээр тэр цагийн дэлхий нийтийн өөрчлөлт хөгжлийн ерөнхий чиг хандлагын нөлөө түрэлтээр, мөн улс төрийн  амьдралын шаардлагаар үндсээр нь өөрчлөн шинэчлэх (модернизаци хийх) түүхэн зайлшгүй зорилттой тулгарч, түүний хөрш ЗХУ-ын тусламж, бас түүнтэй давхацсан эл их гүрний ашиг сонирхол, нөлөө бодлогын нь дагуу хүч хэрэглэсэн хувьсгалт хурдаар шинэчлэх явцад “ монголын социализм” буюу тоталитаризм  бүрэлдэж тогтсон, түүний үйлдэл бүхий илрэл болж 1920 – 1990 оны хооронд улс төрийн аллага хядлага, үзэл суртлын залхаан цээрлүүлэлт үйлдэгдсэн гэсэн үзэл санааг үгүүлсэн байна.   Эрдэмтний ийм үзэл санааг бид түүний бүтээлийн олон  талтай агуулга, авч үзэж шинжилсэн бусад үзэгдэл, үйл явц,  дэвшүүлэн тавьсан санаа бодол, дүгнэлтээс түүвэрлэн  гаргаж хураангуй өгүүлсэн, тэгэхдээ бүтээлд тийм үзэл санаа томъёологдож туссан нэлээд хуудсыг дээрх ишлэлд тодорхой заасан болохыг тэмдэглье.
    Профессор Д.Дашпүрэвийн дээрх үзэл санаа “Өнөөгийн монголын нийгмийн философийн асуудлууд” сэдвээр 1995оны 5дугаар сард зохиогдсон монголын философичдын симпозиумд түүний тавьсан илтгэлд хураангуй, тодорхой тусчээ.  Тухайлбал илтгэлд: Монгол орон XX зууны 20-30 –аад оноос  1990-ээд он хүртэл /хөрөнгөтний биш хөгжил/,/социалист хөгжил/ гэх зэрэг нэрийн дор / зөвлөлт маягийн хөгжлийн загвар/-аар замнаж иржээ. Энэхүү хөгжлийн загварын гол шинж нь социалист(буюу коммунист) тоталитаризм болж байлаа. Монгол орны хөгжлийн тоталитаризмын шатны үндсэн агуулга нь тус оронд шинэчлэлт (модернизаци)-ийн зорилтуудыг коммунист хүчирхийллийн аргаар хэрэгжүүлсэн түүхэн үйл явцаар тодорхойлогдож байна.Түүхэн хөгжлийн энэ зурвас үед монголын нүүдлийн уламжлалт нийгэмд шинэчлэл буюу эдүгээжил (модерн)хийх зорилгоор аж үйлдвэржүүлэлтийг хэрэгжүүлж, орчин цагийн соёл хөгжүүлж иржээ. Эдгээр цогцолбор арга хэмжээний эерэг тал, ололт амжилтыг бид социалист тогтолцооны үед хэдийвээр багагүй судалж байсан боловч тэр бүхнийг нэг анги- намын улс төр, үзэл суртлын бодлогын хатуу хяналтын дор коммунист хүчирхийлэл ба албадлагын аргаар хийж байсныг чөлөөтэй хэлж, тодорхой судалж болохгүй байлаа.  ... Социалист/тоталитар/ дэглэмийн үед хийгдсэн шинэчлэлтийн бодит ололтыг цаашдын хөгжлийн хөшүүрэг болгон ашиглах хэрэгтэй юм.

... Бид өнгөрсөн үед тохиолдсон алдаа завхрал, аллага харгислалыг хичнээн бодитой шүүмжлэх тусмаа тэр үед бүтээсэн... ололт,... хийгдсэн зөв зүйтэй алхмууд төдий чинээ боловсруулан сайжруулж ашиглах ёстой. Тэр  бүхнийг ардчилсан дэглэм, чөлөөт зах зээлийн эдийн засгийн нөхцөлд зохицуулна гэдэг бол заавал эвдэх, нураах, устган бусниулахын нэр ерөөс биш юм (бид товчлов. Ж.Ж.) гэжээ.

Энд уг илтгэлээс дэлгэрэнгүй иш татсны учир бол нэгд, түүнд монгол оронд  тоталитаризм бүрэлдэн тогтож байсан талаарх  эрдэмтний үзэл санаа, дүгнэлт нэг дор хураангуй, нэлээд тодорхой томьёологдож туссан, хоёрт, эрдэмтэн тоталитар дэглэм бол дан ганц хүчирхийлэл аллага хядлага үйлддэг, нийгмийг эвдэн бусниулдаг дэглэм гэж үзэж болохгүй, тоталитаризм нь нөгөөтэйгүүр хүч албадлагаар түүхэн богино хугацаанд ихээхэн  бүтээн байгуулалт хийдэг болохыг авч үзэж заасан байна.  Ийм үзэл санаа бүхий дүгнэлтийг гадаадын олон эрдэмтэн  өөрсдийн бүтээлдээ тодорхой жишээ баримтаар гарган тавьж тоталитаризмын хүч ба давуу тал гэсэн хэллэгээр  илэрхийлэн томьёолсон байдаг.

 Гэтэл манай зарим эрдэмтэн судлаачид XX зууны Монгол Улсын  улс төрийн түүхийн тодорхîй үед тоталитар дэглэм тогтон ноёрхож байсны бодит илрэл, жишээ баримтыг гарган тавьж авч үзсэн мөртлөө тоталитаризм тийнхүү тогтож байсан гэж бичих, дүгнэхээс зайлсхийдэг, голцуу авторитар дэглэм, эсвэл ганцаар захирах дэглэм тогтож байжээ гэж зөөлөрүүлж бичсэн нь нэлээд тохиолдож байна.